ТӨСӨЛ

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хүрээнд Монголын Уран зургийн галерейд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл хэрэгжинэ.

Монголын уран зургийн галерей нь 1991 оноос Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг ард түмний хүртээл болгох, хадгалан хамгаалах, шинэ үеийн хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох зорилготой байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өдгөө 31 дэх жилтэйгээ золгож байна.

2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цахилгааны улмаас Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөн бөгөөд энэхүү галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээлүүд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварлажээ. Уг сэргээн засварлах ажил 2016 оноос удаарширсны улмаас олон зуун Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд устаж үгүй болох аюул нүүрлээд байсан юм. Тиймээс 2019 оноос галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлж Монгол улсад анх удаа “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 4 бүтээлийг сэргээн засварлуулаад байна. Одоогийн байдлаар галд өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг аврал хайсаар байсныг шийдвэрлэх томоохон боломж бүрдлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд МУЗГ-н дэргэд Уран зураг сэргээн засварлах лабораторийг байгуулахад зориулан санхүүгийн дэмжлэг олгов. Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор тохижуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлах томоохон ач холбогдолтой. Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейдын сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлэх юм.

Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал юм. Тиймээс уг төслийн хүрээнд галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ.

Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулж сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг эхлүүлээд байна. 2022 оны 9-р сард хичээлийн жил эхлэхэд шинэ сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн болно.их явцад хичээл болон дасгал ажлын зорилгоор гэмтэлтэй уран зургууд дээр ажиллаж зарим нэг уран зургуудыг сэргээн засварлана.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яам нь 2022 оны 03 дугаар 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжих төсөлд зориулан 100.000 еврогийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол дахь Гёте Институт, Монгол Улсын Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл, “Эм Си Эс” групп зэрэг дэмжигч болон түнш байгууллагууд төслийн хүрээнд хамтран ажиллаж байна.