Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд амжилттай байгуулж өнгөрөгч оны 10 дугаар сард нээлтээ хийсэн билээ. Тус лабораторийг олон улсад мэргэшсэн мэргэжилтнvvдийн зөвлөмж, стандартын дагуу орчин vеийн дэвшилтэт технологиор иж бүрэн тохижуулж ХБНГУ-ын мэргэжилтэн олон улсын хөтөлбөрөөр 3 шатлалт сургалтыг зохион байгуулж европын арга барил, техникийг Монголын сэргээн засварлагчдад эзэмшvvлж бэлтгэсэн юм.
Энэхүү лабораторийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд 2023 оны 03-р сарын 24-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-г зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Соёлын Ч.Номин хүрэлцэн ирж "Энэхүү төсөл нь хоёр улсын соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд шат ахисан, манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтын чиглэлд бодитой дэвшил авчирсан алхам болсонд баяртай байна." хэмээн онцолсон бөгөөд мөн ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенберг, ХБНГУ-ын сэргээн засварлагч багш хатагтай Сузанне Эрхардс нар сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн хамтрагч байгууллагын төлөөллүүд, үзэгч урлаг сонирхогчид нээлттэй хаалганы өдөрлөгийг зорин ирж Монголын анхны уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, галд гэмтсэн урлагийн бүтээлийн сэргээн засварлалтын үйл явцтай танилцлаа.
Цаашид энэхүү лаборатори нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон хувийн галерейдын бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломж нээгдэх юм.
Монголын дүрслэх урлагийн оюуны их санг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яам, Улаанбаатар хот дахь Элчин сайдын яам, Гёте институт, “М Си Эс” групп, Монголын Урлагийн зөвлөлийн хамт олон болон оролцон тусалсан хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.




