Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагдаж байдаг ба алтан үеийн ахмад уран бүтээлчдийн бүтээл нь хүндтэй байр суурийг эзэлдэг билээ. Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчдийн дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчилан таниулах зорилгоор МУЭ-ийн шагналт зураач, нэрт зураач Ц.Жамсрангийн мэндэлсний 100 насны ойн “Атгахан чулууны үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэнг 2023 оны 09 дүгэр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал зохион байгуулна.
Нэрт зураач Ц.Жамрангийн бүтээлүүд ихэвчлэн Монгол орны бүтээн байгуулалтын өнгө жавхаа, эх орны үзэсгэлэнт байгаль, түүх хувьсал, аж байдлын сэдэвтэй байдаг. Мөн Монгол зураг, ардын билэг зүй, уран элэглэлийн хэллэгийг бүтээл, туурвилдаа урнаар ашигладаг бөгөөд энэ бүхэн нь ялангуяа түүний зурагт хуудсуудад илүү тодоор дүрслэгдсэн байдаг.
Европ дахины уран зургийн арга барил тэр дундаа зөвлөлтийн реалист зургийн арга, дүрслэл чимэглэлийн аль ч төрлөөр дахин давтагдашгүй дүр бүтээхийг эрхэмлэн, дүрсийн болон өнгийн зохиомжийг чадварлаг хослуулж түүнийгээ төгс боловсруулан амьдруулахыг ямагт эрмэлзэж эрэл хайгуул хийж шинийг санаачилж, оюун бодлоороо дамжуулан бүтээлээ урладаг энэ бүтээлч зан чанараараа ялгарч орчин үеийн Монголын дүрслэх урлагт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, хожмын залуу үе бидний сэтгэлд мөнхрөх, мэлмийг мялаасан олон гайхамшигт бүтээл туурвисан зууны нэрт зураач билээ.
Урлагийн бүтээлийг эрхэмлэн дээдлэгч, сонирхогч таныг нэрт зураач Ц.Жамсрангийн мэндэлсний 100 насны ойн уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж, морилон саатахыг урьж байна.