Индианагийн Их сургуулийн дэд профессор, гэрэл зураг, видео, уран баримлын хэлбэрийг ашиглан орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч Стефан Петранекийн "ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙГААР АНТРОПОСИНИЙ ЭРИН ҮЕД ХОЛБОГДОХ НЬ" үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Куратор, урлаг судлаач: Ц.Уранчимэг
Үзэсгэлэнгийн тухай товч танилцуулга:
АНУ-ын уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар Антропосиний эрин үед холбогдох нь” уран бүтээлийн үзэсгэлэнг куратор Ц.Уранчимэгийн дэглэлтээр толилуулж байна. Уран бүтээлч АНУ-ын Флорида, Орегон, Невада, Айдахо зэрэг хэд хэдэн мужаар аялж, байгаль суйтгэгдэж, унаган төрхөө алдаж буй үнэн бодит байдлыг нүдээр үзэж, холбогдолтой мэдээллүүдийг цуглуулсны үндсэн дээр бүтээлээ туурвиснаараа онцлог юм. Байгаль дэлхий сүйдэж байгаа энэ эрин үеийг эрдэмтэд Антропосин хэмээн нэрлэх болсон бөгөөд энэхүү дэлхийн гамшиг монголчуудад ч хамааралтай тул энэ үзэсгэлэнгээ Монголд гаргахаар шийдсэн билээ. Мөн түүнчлэн Индиана Их Сургуульд Монгол хэл заахаас гадна Монгол судлалын анги байдаг тул Индиана Их Сургуулиас зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэн Монголд гарж буй нь хоёр орны соёлын харилцаанд тодорхой ач
холбогдолтой. Индиана Их Сургуулийн Херрон Урлаг+Дизайны сургууль нь Уран Зургийн Галерейтэй хамтран ажиллах санамж бичгийг 2022 онд солилцсоны дагуу энэхүү анхны үйл ажиллагааг зохион
байгуулж байна.
АНУ-ын Уран бүтээлч Стефан Петранек-ийн товч танилцуулга:
АНУ-ын Индиана Их Сургуулийн багш, дэд профессор Стефан Петранек нь гэрэл зураг, видео, мулти- медиа – гийн уран бүтээлч бөгөөд анх удаа Монголд үзэсгэлэнгээ гаргаж байна. Тэрбээр сүүлийн 5 жил
байгаль сүйтгэгдэж байгаатай холбоотой бүтээл хийж байгаа бөгөөд АНУ-ын олон муж нутгаар аялж байгаль хэрхэн гэмтэж байгаа талаар хийсэн судалгаан дээр тулгуурлан бүтээсэн уран бүтээлээ
Монголын үзэгчдэд толилуулж байгаа болно. Тэрбээр олон арван бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас гадна Индианаполис хотын Урлагийн Зөвлөлийн ДеХааны нэрэмжит шагнал, Индиана Их Сургуулийн
“Онцлох багш” зэрэг шагналуудыг хүртэж байжээ. Тэрбээр Монголын байгалийн тухай судалгаан дээр тулгуурлан шинэ бүтээл хийхээр төлөвлөж байгаа болно.
Куратор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн товч танилцуулга:
АНУ-ын Индиана Их Сургуулийн багш, дэд профессор, гадаад харилцааны захирал Ц.Уранчимэг нь Монголын анхны куратор бөгөөд 1993 оноос эхлэн Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг дотооддоо болон АНУ, Япон, Герман, Хон Конг, Итали зэрэг олон арван орнуудад гаргасаар ирсэн билээ. Тэрбээр Монголын урлагийн талаар “Хүрээ хийдийн Монголын Буддын шашны Урлаг”, “Орчин цаг ба урлаг”, “Монголын Дүрслэх Урлагийн тухай нийтлэлүүд, 1993-2018” зэрэг зургаан ном хэвлүүлснээс гадна, АНУ-д хоёр ном, арваад эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэлсэн бөгөөд Монголын урлагийн сэдэвтэй хичээлийг анх удаа АНУ-гийн Калифорнийн Их Сургууль болон Индиана Их Сургуульд зааж эхэлсэн түүхтэй.