Катарын Үндэсний музей, Монголын уран зургийн галерейтай хамтран зохион байгуулж буй 'On the Move' тусгай үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2022 оны 10-р сарын 26-27-ны өдрүүдэд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн Соёлын Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нар оролцлоо. Мөн Катарын музейн захирал Эрхэмсэг хатагтай Шейха Аль-Маясса бинт Хамад бин Халифа Аль Тани үзэсгэлэнг нээсэн бөгөөд уг үзэсгэлэнд оролцож, нүүдэлчдийн соёлын өвийг тээж ирсэн Монголчуудын өв дурсгалууд Катар улсын Үндэсний музейд олон нийтэд хүрч буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
‘On the Move’ үзэсгэлэн нь Катар улсын үндэсний соёлын хөдөлгөөний нэг хэсэг ‘Qatar Creates’-ын арав гаруй үзэсгэлэнгийн нэг бөгөөд үзэсгэлэн нь Катар-MENASA 2022 оны соёлын жилийн үйл ажиллагаанд багтаж, үндэстэн, ард түмэн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой олон улсын соёлын солилцоо юм. Үзэсгэлэнд Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн нүүдэлчин соёл, өв уламжлалыг тусгасан бөгөөд үзмэрүүд нь Катарын Үндэсний музей, Лусаил музей, Катарын Үндэсний номын сан, Катарын бусад музейн цуглуулга, Монгол улс, Улаанбаатар дахь Монголын Үндэсний музей, Монголын уран зургийн галлерей, Парис дахь Musee Quai Branly, Вена дахь Wein Welt музей зэрэг олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдсэн ба Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс дараах бүтээлүүд дэлгэгдээд байна:
1. Монгол, Франц Ардын зураач, УГЗүтгэлэн зураач Б.ЧОГСОМ-ын “ТАЙХАР ЧУЛУУ”, 1967 он
2. БНМАУ-ын Ардын зураач, Төрийн шагналт, УГЗүтгэлтэн зураач Л.ГАВАА-ийн “КИНО МЕХАНИКЧ”, 1962 он
3. Монгол улсын Төрийн шагналт, УГЗүтгэлтэн зураач М.ЦЭМБЭЛДОРЖ-ын “ЦАГИЙН САЙХАН”, 1979 он
4. МУЭ-ийн шагналт зураач Ц.ЖАМСРАН-ын “ОРХОНЫ ХАВАР”, 1962 он
‘ON THE MOVE’ үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд тавигдсан нь Монголын дүрслэх урлагийг олон улсын үзэгчдэд сурталчилан таниулах, мөн FIFA World Cup Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдэд Монголчуудын Нүүдэлчин соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маягийг урлагийн бүтээлээр дамжуулан толилуулах түүхэн ач холбогдолтой билээ.
Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь нүүдэлчин ард түмний аж амьдрал, түүх соёлыг археологийн олдвор, уран зураг, аман түүхийн сурвалж, архивын бичлэг, орчин үеийн гэрэл зураг зэрэг бүтээлүүдээр дамжуулан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах юм. Тус ажлыг Колумбийн их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор Лила Абу-Луго удирдсан ба Катарын үзүүллэгийг Катарын Үндэсний музейн Нийгмийн түүх, угсаатны зүйн дэд куратор Таниа Аль Мажид, Катарын музейн Археологийн газрын захирал Файсал Аль Наими, Катарын Үндэсний музейн Кураторын асуудал эрхэлсэн захирал, доктор Хая Аль Тани, Доктор Анжа Фишер, Венийн их сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим болон Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн доктор Элизабет Турк нар удирдан явуулж буй юм.
‘ON THE MOVE’ үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2023 оны 1-р сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.