МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР АХМАД УРАН БҮТЭЭЛЧДЭДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН "ОРШИХУЙ" ХҮНДЭТГЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. 

Монголын орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, галерейн сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдэдээ Монголын Уран Зургийн Галерей хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулж байна. 
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ардын Зураач, Франц Улсын Ардын зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Чогсом, Монголын Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн Ч.Базарваань, Ц.Байды, Ц.Бүдбазар, Г.Дунбүрээ, Д.Мөнх, Э.Сүхээ, Д.Цэдэндорж нарын 70-аас дээш насны тавь гаруй ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирж, морилон саатсан юм.
БСШУСЯ-наас 2019 онд “Музейтэй Монгол” аяны хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний эхлэл нь бидний энэхүү үйл ажиллагаа болж байна. Уран зургийн галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 3400 орчим уран бүтээл хадгалагдаж байдаг ба ахмад уран бүтээлчдийн маань уран бүтээл манай галерейн сан хөмрөгийн суурийг тавилцсаныхаа хувьд хүндтэй байр суурийг эзэлдэг билээ. 
Тус арга хэмжээний хүрээнд бид ахмадуудынхаа бүтээлээр Хүндэтгэлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Уран бүтээлчийн оюун ухаанд орчлонгийн мөн чанарын тухай эрэл тэмцэл өрнөж, оршихуйн утга учрыг бэдэрч, тэрхүү уран бүтээлээс нь та бид оршихуйн гоо таашаалыг мэдэрч, бид бүхний сайн сайхны төлөөх хүсэл тэмүүлэл бүхэн урлагт оршдогийн учир энэхүү үзэсгэлэнгээ бид “ОРШИХУЙ ...” хэмээн нэрлэлээ. 
“ОРШИХУЙ ...” үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн 50 орчим уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 02 дугаар сарыг дуустал Монголын дүрслэх урлагийн нэгэн үе, нийгэм цаг үеийн өвөрмөц өнгө төрхөөр та бүхнийг аялуулах болно.

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

Хуваалцах: