Монголын дүрслэх урлагаас дэлхийн таван тивд цөөн хэдэн уран бүтээлч өөрийн авьяас билгээ таниулж, орон зайгаа олж чадсан байдаг. Тэдний нэг болох зураач Эршүүгийн Отгонбаяр сүүлийн хорин жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдээ эргэн харж дүгнэсэн шинэ үзэсгэлэнгийн нээлт арваннэгдүгээр сарын 12-нд Монголын Уран Зургийн Галлерейд болох гэж байна.

Зураач Э.Отгонбаяр нь ХБНГУ-д удаан хугацаагаар суурьшин ажиллаж, өөрийн уран бүтээлээ туурвиад зогсохгүй соёлын солилцооны чиглэлээр эх орноо гадаад улсад төлөөлөн ажиллаж, урлаг судлаач, урлагийн менежерээр суралцаж, ажилласан өргөн туршлагатай нэгэн билээ. Тэрбээр эх орондоо гаргах гэж буй энэхүү “ОТГО Ретроспектив” үзэсгэлэнгээс өмнө нь энэ 2018 онд “ЗУРАГ” нэртэй үзэсгэлэнгээ Герман, Голланд, Швейцарь улсад толилууж, Сингапурт “Миний амьдралын өнгө” нэртэйгээр дэлгэн харуулжээ. Тиймээс дэлхийн олон орны урлаг сонирхогч, судлаачдын өмнө дэлгэн үзүүлсэн түүний бүтээлүүд үзэгчдэд сонин, содон байх болов уу. Зураач Э.Отгонбаяр нь монгол зургийн бичил дүрс бүтээх аргаар бүтээлээ туурвидаг бөгөөд алсаас харахад яг л абстракт зураг мэт тааварлашгүй цор ганц мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг юм. Харин зурагт ойртоод харвал тэрбээр хүн ба амьтдыг хоёр хэмжээст дэлгэмэл хавтгайд дүүргэн зурсан байх ба зургийн хэсэг бүрт олон төрлийн зохиомж, өгүүлэмжийг оньсолж өгсөн байдаг. Өнгө дүрс, бэлгэдлийн хэлээр хийгээд магадгүй зөн билгээр тайлж уншиж болох тэдгээр оньснууд нь Э.Отгонбаярын бүтээлийн үнэ цэнийг хадгалаад зогсохгүй үзэгчтэй амьд харилцаа үүсгэж чаддаг бөгөөд орчин үеийн урлагийн олон шинж чанарыг түүний бүтээлүүд агуулдаг юм. Э.Отгонбаяр 1996 онд ДУДС-ийг төгссөн цагаасаа хойш уран бүтээлийн зогсолтгүй эрэл хайгуул, судалгаа, туурвил хийжээ. Тэрбээр уран бүтээлийнхээ эхэн үед бурханы шүтээн урлал, монгол зургийн нарийн дэг жаягт суралцаж судалсан байна. Харин 2005 оноос эхлэн ХБНГУ-д суралцаж, ажиллаж эхэлсэн цаг үеэс эхлэн дэлхийн үзэгчдэд өөрийн давтагдашгүй онцгой уран бүтээлч болохыг таниулахын төлөө уран бүтээлээ тасралтгүй хийж, олон арван бие даасан үзэсгэлэн зохион байгуулсан туршлагатай. Мөн ХБНГУ-д нээсэн “Зураг” галерейд нь Монгол, Герман улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд болон олон орны алдартай музей, галерейн эзэд, урлагийн бүтээл цуглуулагчид, кураторууд зочлон ирж байжээ. Өнөөдөр түүний “ХҮН”, “Туурайн Төвөргөөн”, “Диваажингийн зургууд”, “Антрактидын дэлгэмэл хөрөг”, “Зураг” зэрэг бүтээлүүдийг нь ази, европын олон орны үзэгчид таашаан үзсэний зэрэгцээ, түүний бүтээлийн үнэ цэнэ, утга агуулгыг олон нийтэд таниулдаг судлаач, кураторууд олон болжээ. Тиймээс яг одоо дэлхийн олон оронд амжилттайгаар бүтээн туурвиж буй авьяаслаг уран бүтээлч Э.Отгонбаярын үзэсгэлэнд таныг морилон ирж, түүний өнгөрсөн 20 жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдийг таашаан сонирхохыг урьж байна.

Хуваалцах: