Чойжин ламын сүм нь уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх, соёлын үнэт цогцолбор бүтээл бөгөөд Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм. Сүмд хадгалагдах ном судар, бурхан, шашин номын эд өлгийн зүйл нь монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл эрхэм нандин, үнэлж баршгүй дурсгал тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор “Шинжлэх ухааны хүрээлэн”-ийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авсан түүхтэй. 
   Эдүгээ Чойжин ламын сүм музей нь Захиргаа–аж ахуй, Сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн 2 нэгж, 20 ажилтантай. Музейн уран барилгын үнэт дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл, урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна. 
    Энэ жил Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ой тохиож байна. Музей нь тус түүхэн тэгшойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон ажлыг төлөвлөн зохион байгуулсан байна. 
    Тус ойд зориулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монголын Уран Зургийн галерейд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулав. 
1.  “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгийг эрдэмтэн судлаач, багш, оюутнуудын уялдаа холбоотойгоор зохион байгуулсан нь цаг үеэ олсон үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. 
2. Тус ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдав. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Чойжин ламын сүм, музейн барилга байгууламжийн сэргээн засварлалттай холбоотой баримт бичгүүдийг эмхэтгэсэн “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгын сэргээн засварлалтын түүхээс (1940-2018)” баримт бичгийн эмхэтгэл,музейн сан хөмрөгт хадгалагдаж буй дэлгэмэл зургийн дээжээс бүрдсэн, дэлгэрэнгүй тайлбар бүхий “Шүтээн зургийн урлаг” номын нээлтийн ёслол,  “Монгол төрийн сахиусны өргөө” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанууд болж ирсэн зочдын мэлмийг баясгав.
        Түүхт ойгоо тэмдэглэн сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй Д.Отгонсүрэн захиралтай Чойжин ламын сүм музейн хамт олондоо Монголын Уран Зургийн Галерейн хамт олноос халуун баяр хүргэж байна. 
 
“Монгол төрийн сахиусны өргөө” гэрэл зургийн үзэсгэлэн 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэх тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Share: