Танилцуулга

Уран Зургийн Галерей нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг олон түмэнд сурталчилан танилцуулах зорилгоор 1991 онд Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үеийг хүртэлх дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.

 Манай алтан сан хөмрөгт монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, хөөмөл, ардын гар урлал, хатгамал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байна.

Энэхүү бүтээлүүдээс та нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, аж амьдрал, уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг илэрхийлсэн уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон үзэх боломжтой юм. Бид сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа.

Мөн ЮНЕСКО, ICOM /Олон Улсын Музейн Зөвлөл/, Монгол улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамдууд, Японы Фукуока хотын Азийн Урлагийн Музей, Их Британы TATE музей, Австралийн Үндэсний Музей, Бүгд Найрамдах Бразил улс,  Солонгос улсын Тежон хот,Бүгд Найрамдах Хятал Ард Улсын Си Ан, Бээжингийн Дүрслэх Урлагийн Академи,  Хөх  хотын Галерей, Чанчунь хот зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.